Эрдэс баялгийн гэрээнд дүн шинжилгээ хийхэд энэ төрлийн гэрээнд хэрэглэгддэг гол нэр томьёог зөв ойлгон хэрэглэх нь чухал юм. Энд өгөгдсөн нэр томьёо, тэдгээрийн тайлбарыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Тогтвортой хөгжлийн төлөөх Колумбын төв болон Дэлхийн банкны хамтран байгуулсан Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан (http://www.resourcecontracts.org/glossary) болон Олон улсын ахмад хуульчдын төсөл, Нээлттэй газрын тос, Орлогын ажиглагч хүрээлэн (хуучин нэрээр)-Байгалийн баялгийн Тунхаг (хуучин нэрээр), Тогтвортой олон улсын хөрөнгө оруулалтын Вэйл Колумб төвөөс эрхлэн гаргасан “Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж, ойлгох вэ?” гарын авлагад тусгагдсан нэр томьёоны тайлбарт тулгуурлан боловсрууллаа.
АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТӨГ
Хэд хэдэн хувилбараас сонголт хийсэн тохиолдолд өөр илүү сонголт хийсэн бол олох байсан ашиг орлого. (тухайлбал, олборлох уу, эсвэл үгүй юу гэх мэт)
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага, Санхүүгийн зохицуулах хорооноос эрхлэн гаргасан “Хөрөнгийн зах зээлийн нэр томьёоны тайлбар толь-2013” http://www.frc.mn/uploads/page/883dd23f6164f647cd95a0b07a1b436fc20a68bb.pdf
АРБИТР
Арбитр нь гэрээний талуудын хооронд гарсан маргааныг талуудын тохиролцоонд тулгуурлан хянан шийдвэрлэх арга зам юм. Арбитрын шийдвэр нь заавал биелэгдэх хүчин чадалтай байна. Маргааныг арбитрын аргаар хянан шийдвэрлэхэд талуудын сонгосон арбитрч эсхүл гурван хүний бүрэлдэхүүнтэй арбитрын баг маргаан хянан шийдвэрлэх эрх мэдлийг шүүхийн нэгэн адил хэрэгжүүлдэг. Маргаан бүхий талууд арбитрчийг өөрсдөө сонгох ба зарим тохиолдолд гуравдагч этгээдийн тусламжтайгаар сонгодог. Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой арбитрын эрх хэмжээг талуудын хооронд хийгдсэн арбитрын хэлэлцээрээр тогтоох (талууд өмнө нь батлагдан гарсан арбитрын дүрэм, журмыг хэрэглэхээр тохиролцсон байж болно) ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын сонгосон улсын үндэсний хууль тогтоомжийг хэрэглэж болно.
“Түр арбитр” гэж буюу зөвхөн тухайн тодорхой маргааныг шийдвэрлэх зорилгоор талуудын хүсэлтээр байгуулагдан ажилладаг нэг удаагийн шинжтэй арбитрыг ойлгоно. Түр арбитраар маргаан хянан шийдвэрлэхэд “UNCITRAL Rules” буюу Олон Улсын Худалдааны Танхимын Арилжааны Арбитрын Дүрмийг хамгийн өргөн хэрэглэдэг байна. Гэхдээ арбитрын ажиллагааг байнга эрхлэн явуулах зорилгоор байгуулагдсан “байнгын арбитр”-аар маргааныг шийдвэрлэхэд ч “UNCITRAL Rules”-ийг баримталж болдог.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Олон улсын арбитрын хөтөч
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ (БОНБҮ)
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь тухайн төслөөс хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тодорхойлсон үнэлгээ юм. БОНБҮ нь тухайн төслийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг бууруулах арга замыг аль болох эрт буюу төслийн төлөвлөлтийн шатанд урьдчилан тодорхойлох замаар сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой. Түүнчлэн тухайн төслийн талаар шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх ёстой нөхцөлүүдийн тухай мэдээллээр шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах зорилготой.
Монгол Улсад байгаль орчны нөлөөллийг үнэлгээ хийх, түүнд иргэдийн оролцоог хангах, үнэлгээний тайланг батлах, хянан магадлах журмыг 2012 онд шинэчлэн батлагдсан Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулж байна.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенц, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хууль
БИОМ
Экосистем дэх голлох бүлгүүд. Дэлхийн экосистемийг ургамалжлын төлөв байдал, онцлогоор нь биомууд буюу тусгай бүлэг болгон ангилдаг. Тухайлбал, тундр, цөл, саванн, өндөр уулын бүс, ой хөвч, сэрүүн бүсийн хээрийн ой гэх мэт.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
БОР ТАЛ (BROWNFIELD)
Бүтээн байгуулалт нь нэгэнт эхэлсэн дэд бүтцийн байгууламжид хөрөнгө оруулах.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
БУСДЫН ГАЗАР ДЭЭГҮҮР ДАЙРАН ӨНГӨРӨХ
Тээвэрлэлтийн зорилгоор газар ашиглахтай холбоотой давуу эрх.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ
Ихэвчлэн газрын тос, байгалийн хийн салбарт хэрэглэгддэг бөгөөд олборлосон газрын тосны бүтээгдэхүүнээс төрийн авах хувь хэмжээг тогтоох зорилгоор хөрөнгө оруулагч болон тухайн улсын засгийн газар, үндэсний газрын тосны компанийн хооронд байгуулагддаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол улсын Газрын тосны тухай хуульд “газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг” ойлгоно хэмээн тодорхойлжээ. Энэхүү гэрээгээр олборлолтын зардлыг нөхсөний дараа үлдэх “ашигт” газрын тосны Засгийн газар/үндэсний газрын тосны компани, болон төсөл хэрэгжүүлэгч компанид ногдох хувийг болон тухайн улсын засгийн газар/үндэсний газрын тосны компанийг тодорхойлдог. Засгийн газар/үндэсний газрын тосны компани өөрт ногдох газрын тосыг өөрөө худалдах эсвэл гэрээлэгчид худалдах замаар төлбөрийг мөнгөн хэлбэрээр авч болно.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Газрын тос, байгалийн хий ба уул уурхайн татвар санхүүгийн дэглэм
http://www.resourcegovernance.org/analysis-tools/publications/oil-gas-and-mining-fiscal-terms
ГАЗРЫН ТОСНЫ ОЛОН УЛСЫН КОМПАНИ
Хэд хэдэн улс оронд газрын тосны үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн компанийг ойлгоно.
ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ МЕХАНИЗМ
Гомдол хянан шийдвэрлэх механизм гэж хөрөнгө оруулалттай холбоотой иргэдийн гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой дүрэм журмын дагуу хэрэгжих үйл явцыг ойлгоно. Гомдол хянан шийдвэрлэх механизмыг төр, эсхүл төслийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллага аль аль нь хэрэгжүүлж болох ба шүүхийн болон шүүхийн бус арга замыг ашиглаж болно.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Хүний эрхийн зарчмуудын талаарх НҮБ-ийн удирдамж
ГЭРЭЭГ ТОГТМОЛ ХУГАЦААНД ЭРГЭЖ ХЯНАХ ЗААЛТ
Хөрөнгө оруулалтын гэрээнд өргөнөөр хэрэглэгддэг ба гэрээ, түүний нөхцөлийг өөрчлөн сайжруулах зорилгоор тодорхой хугацаанд тогтмол эргэн хянахтай холбоотой нөхцөл шаардлагыг тогтоож өгдөг.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Уул уурхайн бүтээн байгуулалтын гэрээний загвар төслийн хүрээнд боловсруулсан загварууд: http://www.mmdaproject.org/?p=1693
ДАВХАР ТАТВАРЫН ЗАРЧИМ
Орлогын нэг эх үүсвэрээс давхардуулан хоёр удаа татвар авахыг ойлгоно. Компани нь хувьцаа эзэмшигчдээсээ тусдаа хуулийн этгээд гэж тооцогддог бөгөөд тэдгээрийн аль аль нь татвар төлж байгаа тохиолдолд гардаг. (компанийн олсон орлогоосоо татвар төлдөг бол түүний хувьцаа эзэмшигчид нь хуваарилагдсан ногдол ашгаасаа татвар төлдөг). Үүнийг улс орнуудын хооронд байгуулагдсан татварын гэрээгээр гол төлөв зохицуулдаг.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ДАНГААР ОРШИХ БАЙГАЛИЙН ХИЙ
Газрын тосны орд газарт бус цэвэр байгалийн хийн орд газарт дангаараа оршин байгаа хий буюу нүүрс-устөрөгчийн нэгдлийг ойлгоно.
ДОТООДООС ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙХ
Төсөлд шаардлагатай бараа, ажил үйлчилгээний тодорхой хувийг дотоодоос худалдан авах шаардлагыг Хөрөнгө оруулагчдад тавихтай холбоотой зохицуулалт. Үүнд өмчлөлийн болон дотоодын/орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, мэргэжлийн дадлага олгох сургалт, технологи дамжуулах, дотоодоос худалдан авалт хийх зэрэг шаардлагууд багтдаг. Эдгээр нь зарим олон улсын санхүүгийн байгууллагаас тавьдаг шаардлагын нэг хэсэг болдог.
КОНСОРЦИУМ
Нийтлэг нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө, нөөцөө нэгтгэн ажиллах, эсвэл тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж буй талуудын хооронд хийгддэг бизнесийн хэлцэл. Консорциумд оролцогч талууд тус бүртээ өөрсдийн эрх зүйн статустай байх ба консорциумын хяналт нь хязгаарлагдмал бөгөөд гэрээгээр тодорхойлогддог.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
КОНЦЕССЫН ГЭРЭЭ
Концессын гэрээ нь хөрөнгө оруулагчаас тодорхой төсөлтэй холбоотой барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт шинээр байгуулах, шинэчлэн сайжруулах эрх олж авах зорилгоор ихэвчлэн тухайн улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээр дамжуулан төсөл хэрэгжих орны Засгийн газартай байгуулдаг байна. Монгол Улсын Концессын хуульд “концесс” гэдэгт төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг ойлгоно хэмээн тодорхойлсон ба концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг концессын гэрээ гэж ойлгоно хэмээн тодорхойлжээ.
ЛОНДОНГИЙН МЕТАЛЛЫН БИРЖ
Лондонгийн металлын бирж нь аж үйлдвэрийн металлын арилжаа, худалдаа, үнийн эрсдэлийг зохицуулах олон улсын төв юм. Дэлхийн өнгөт металлын худалдааны бараг 80 гаруй хувь нь энэхүү бирж дээр арилжаалагддаг бөгөөд Лондонгийн металлын биржийн тогтоосон үнэ нь дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлж байдаг.
Эх сурвалж: www.resourcecontracts.org , Лондонгийн металлын биржийн цахим хуудас
НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ННҮ) нь тухайн төслөөс үзүүлэх урьдчилан таамаглах боломжтой болон боломжгүй, эерэг болон сөрөг бүх нөлөөллийг үнэлж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг (бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө), төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хянах, тэдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээс үүсэн гарах үр дагаврыг үнэлэх үйл явцыг багтаасан цогц үйл ажиллагаа юм. ННҮ-ний үндсэн зорилго нь хүрээлэн буй орчин, байгаль экологийн илүү тэнцвэртэй бөгөөд тогтвортой байдлыг хангахад оршино.
Эх сурвалж: www.resourcecontracts.org
НОГООН ТАЛ (GREENFIELD)
Шинээр байгуулах барилга, дэд бүтцийн байгууламжид хөрөнгө оруулахыг ойлгоно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР
Дахин сэргээгдэхгүй байгалийн нөөц баялгийг ашиглах эрх олж авсны төлөө засгийн газарт төлж буй нөхөн төлбөр юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг бол ad valorem буюу борлуулалтын үнэлгээнд суурилан тооцох, эсвэл олборлож, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээд суурилан тооцох 2 үндсэн хэлбэртэй байдаг байна. Борлуулалтын үнэлгээнд суурилан тооцох үед нөөцийн төлбөрийг бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ буюу борлуулалтад тодорхой хувиар тооцон оногдуулдаг бол борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээнд суурилан тооцох тохиолдолд олборлож борлуулсан хүдрийн тонн тутамд тодорхой хэмжээгээр тооцон төлбөр ногдуулдаг.
Гэхдээ нөөц ашигласны төлбөрийг тооцоход зөвхөн олборлон борлуулсан бүтээгдэхүүний хувь хэмжээ, жин, эзлэхүүний нэгж тутамд суурилан тооцох ёсгүй бөгөөд нөөцийн үнэлгээ, түүний зах зэх зээлийн үнэ ханшийг тооцох ёстой.
Эх сурвалж: http://www.iltod.gov.mn/?p=2080, Газрын тос, байгалийн хий ба уул уурхайн татвар санхүүгийн дэглэм
http://www.resourcegovernance.org/analysis-tools/publications/oil-gas-and-mining-fiscal-terms
НӨӨЦИЙН РЕНТ/АШИГ ХУВААХ ТАТВАР
Олборлолтын зардал, дэлхийн зах зээлийн үнийг үндэслэн тухайн ашигт малтмалын үнэлгээг тодорхойлдог арга юм. Энэ татварын тооцоолол нь тухайн уул уурхайн компанийн оруулсан хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын өгөөжийг Засгийн газрын бонд авсантай адил аливаа эрсдэлгүй, баталгаатай байхаар тогтоосон тооцооллоор эхэлнэ. Нэгэнт Засгийн газрын бондод бус уул уурхайн бизнест хөрөнгө оруулсны хувьд өмнө тооцсон хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхой нэмэлт хувиар нэмэгдүүлж өгнө. Энэхүү хөрөнгө оруулалтын өгөөжүүдийн нийлбэр нь тухайн уул уурхайн компанийн хөрөнгө оруулалтыг ашигласны төлбөр болон тэдний хүлээж байгаа эрсдэлийн үнэлгээ юм. Энэ дүн нь тухайн ашигт малтмалын үнэлгээний түвшнийг тодорхойлно.Энэ түвшин хүртэлх ашгийг хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийн үнэлгээ гэж үзнэ. Харин давсан ашгийг ашигт малтмалын өөрийн үнэлгээнд хамааруулна. Хэрэв тухайн улс нь resource rent буюу ашиг хуваах хувилбарыг сонгосон бол ашигт малтмалын үнэлгээнд ногдох хэсгийг тухайн олборлогчтой хуваана. Төр нь ашигт малтмалын үнэлгээнд ногдох ашгийн тодорхой хувийг нь авна гэсэн үг.
Эх сурвалж: http://www.iltod.gov.mn/?p=2080
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)
Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. ОҮИТБС-ын хүрээнд нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгоно.
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ГЭРЭЭ/ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
Орон нутгийн хөгжлийн гэрээ буюу хамтын ажиллагааны гэрээ нь хөрөнгө оруулагч болон орон нутгийн иргэдийн хооронд байгуулагддаг, төслөөс тухайн нутгийн иргэд, төслийн нөлөөлөлд өртөж байгаа бусад талуудад үзүүлэх үр ашгийг тодорхойлж, баталгаажуулах зорилгоор хийгддэг гэрээ юм. Орон нутгийн хөгжлийн гэрээ, Үр ашиг хуваарилах гэрээ, Оролцооны гэрээ, Хамтын ажиллагаа гэх мэт олон янзаар нэрлэгддэг энэхүү гэрээний эрхзүйн үндэс нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсад анх тавигдсан бол 2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор газрын тос, байгалийн хийн салбарт мөн адил хэрэгжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний загварыг 2016 онд батлан хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Лондонгийн Улс төр ба эдийн засгийн ухааны сургуулийн Хөрөнгө оруулалт ба Хүний эрхийн төсөл
ӨНӨӨГИЙН ЦЭВЭР ҮНЭ- NET PRESENT VALUE (NPV)
“Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох аргачлалыг хэлэх ба өгөөжийн дотоод нормыг ашиглан бүх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ (хөрөнгө оруулалтын зардал) болон бэлэн мөнгөний урсгал (өгөөж)-ыг тооцох арга юм. Өгөөжийн түвшин нь хөрөнгө оруулалтын зардлаас өндөр буюу өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь эерэг үзүүлэлттэй бол тухайн төслийг ашигтай гэж үзэж болно.
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь төслийн ирээдүйн үр ашиг ба зардлын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлдог.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Төр-хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ (PPIAF) –ийн cross-border infrastructure toolkit glossary
ӨР БАРАГДУУЛАЛТ
Хүүтэй зээлийг тодорхой хугацааны эцэст үндсэн өр, хүүгийн хамт бүрэн төлж барагдуулахын тулд тодорхой хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөх төлбөрийн хуваарь тогтоохыг хэлнэ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хорооноос эрхлэн гаргасан “Хөрөнгийн зах зээлийн нэр томьёоны тайлбар толь-2013”
http://www.frc.mn/uploads/page/883dd23f6164f647cd95a0b07a1b436fc20a68bb.pdf
САЙН ДУРЫН САНАЛ
Сайн дурын санал нь засгийн газрын талаас буюу хувийн хэвшлийн компани талаас гардаг. Тухайн үйлдвэрлэлтэй ямар нэг тусгай сэжмээр холбоотой буюу төсөл хэрэгжүүлэгч, ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулагч-санхүүжүүлэгч компаниуд төслийн аль нэг үйл ажиллагаа, тодорхой хэсэгт хөрөнгө зарцуулахын өмнө засгийн газраас албан ёсны зөвшөөрөл баталгаа авах хүсэлтийг гаргадаг байна.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Төр-хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ (PPIAF) –ийн бэлтгэсэн мэдээлэл:
СУДЛАН ШАЛГАХ
Гэрээ байгуулах гэж байгаа тал эсхүл худалдан авах гэж байгаа хөрөнгийнхөө тухай мэдээлэл, үүх түүх, одоогийн нөхцөл байдлыг судлан шалгах зорилгоор хийж буй судалгаа дүгнэлт.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
СУУТГАЛЫН ТАТВАР
Ногдол ашиг, цалин хөлснөөс суутгах татвар. Суутгал татварыг ногдол ашиг, цалин хөлс олгох үед суутгаж авах ба татварын байгууллагаар дамжин тухайн улсын төсөвт төлөгддөг.
ТЕХНИК–ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
Уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төслийн санхүүжилтийг шийдэхэд чиглэгдсэн ордын геологи, инженерийн шийдэл, эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад хүчин зүйлсийг нарийвчлан тооцсон дэлгэрэнгүй судалгаа юм. Орд ашиглах хугацаанд жил бүрийн гүйцэтгэх ажлын хэмжээ, эдийн засгийн үзүүлэлтүүдийг техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан байна. Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах технологи нь өргөн хүрээтэй туршилтын ажил дээр тулгуурласан, эдийн засгийн үнэлгээ нь нийт нөөцийг ашиглах жил бүрийн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын технологийн зардал ба татвар, санхүүгийн хуульд нийцүүлэн борлуулалтын орлого зэргийг тусгаж тооцсон бэлэн мөнгөний урсгал, мэдрэмжийн шинжилгээнд тулгуурласан байна
Эх сурвалж: http://www.ord.mn/
ТОГТВОРЖУУЛАЛТЫН ЗААЛТ
Хөрөнгө оруулагч болон засгийн газрын хооронд байгуулагддаг гэрээний нэг заалт бөгөөд тогтворжуулалтын заалтаар төслийн хэрэгжилтийн явцад хууль тогтоомжид өөрчлөлт орсноос үүдэн гарах асуудлыг зохицуулдаг. Тогтворжуулалтын заалт нь дараах гурван үндсэн төрөлтэй байдаг.
Царцааж тогтворжуулах – хууль тогтоомжид ямар өөрчлөлт орсноос үл хамааран гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж нь төслийн туршид үйлчлэх
Эдийн засгийн хувьд алдагдалгүй байх тогтворжуулалт (equilibrium) – хөрөнгө оруулагч нь хууль тогтоомжийн өөрчлөлтийг дагаж мөрдөх боловч түүнээс үүдэн гарах алдагдал, нэмэлт зардлын нөхөн төлбөрийг тухайн улсын засгийн газраас авах. Нөхөн төлбөр нь тодорхой хөнгөлөлт үзүүлэх, үнийн зохицуулалт хийх, гэрээний хугацааг сунгах, татварыг бууруулах зэрэг олон янзын хэлбэртэй байж болно.
Холимог хэлбэрийн тогтворжуулалт- Дээрх хоёрыг хослуулсан хэлбэр.
Тогтворжуулалтын заалт нь бүх салбарт дэлхийн бүх бүс нутагт өргөн хэрэглэгддэг.
Тогтворжуулалтын заалт нь татварын хувь хэмжээ өөрчлөгдөх гэх мэт хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдэн гарах урьдчилан таамаглах боломжгүй зардал, алдагдлаас хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгааг хөрөнгө оруулагч, тэдгээрийн санхүүжүүлэгч нарт гаргаж өгөх зорилготой. Гэхдээ энэ нь тухайн улсын хувьд зарим нэг сөрөг нөлөөлөл үзүүлж болно. Тухайлбал, тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд зохицон ажиллах боломжийг алдагдуулах гэх мэт. Тиймээс тогтворжуулалтын заалтыг цаг хугацаа, хамрах хүрээний хувьд хязгаартайгаар маш нарийн тооцож боловсруулах шаардлагатай бөгөөд ялангуяа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, болон бусад голлох төлбөр, үүрэг хариуцлага зэрэг орлогын үндсэн урсгалуудын хувьд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүргүүдийн хувьд тогтворжуулалтын заалтыг хэрэглэх ёсгүй.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ
Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийг өргөн утгаар нь тодорхой нөхцөл, журмын дагуу дэд бүтцийн болон нийгмийн зарим суурь үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны хэлбэр гэж ойлгож болох юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үед нийтийн хэрэгцээг хангах зорилгоор дэд бүтцийн тодорхой байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих, шинэчлэн сайжруулах, санхүүжүүлэх, ашиглах, хэвийн үйл ажиллагааг хангах зэргийг хувийн хэвшлийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Төр-хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ (PPIAF) –ийн цахим хуудас дахь ТХХТ- ийн тухай мэдээлэл
http://ppp.worldbank.org/public-private-partnership/overview/what-are-public-private-partnerships
УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГЭРЭЭ
Концессын гэрээний нэг төрөл бөгөөд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон засгийн газрын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, “Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ?” гарын авлагыг үзнэ үү.
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭЛ ӨГСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ЗӨВШИЛЦӨХ (FPIC)
Орон нутгийн иргэд болон уугуул иргэд нь уламжлалт ёс, заншлын хэм хэмжээний дагуу эзэмшиж, ашиглаж, өмчилж ирсэн газар нутаг, байгалийн нөөц баялагт нь ямар нэг нөлөөлөл үзүүлэх аливаа төсөл, хөтөлбөр, шийдвэрийн талаар заавал урьдчилан мэдээлэл авч, зөвшилцөх замаар бие даан шийдвэр гаргах буюу тухайн төсөлд зөвшөөрөл өгөх буюу татгалзах эрхтэй. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд төр болон төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс санаачилга гарган тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлэх бол хэрхэн хэрэгжүүлэх талаар орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх шаардлагатай. Уул уурхайн төслийн хувьд энэ нь нийгмийн лиценз буюу орон нутгийн дэмжлэг зөвшөөрлийг авахад чухал үйл явц юм.
Ялангуяа засгийн газрын хувьд уугуул иргэдийн эрх, ахуй амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлөх хууль зүйн болон захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тийм шийдвэрийг батлан гаргахын өмнө урьдчилан мэдээлэл өгч, чөлөөтэй зөвшилцсөний үндсэн дээр бие даан шийдвэр гаргах боломж олгох замаар зөвшөөрөл авах үүрэгтэй.
Тухайн төсөл, бодлого, хөтөлбөрт уугуул иргэдээс өгсөн зөвшөөрөл нь “чөлөөтэй гаргасан” буюу ямар нэгэн албадлага шахалт, дарамт сүрдүүлэг, мушгин гуйвуулсан оролдлогогүйгээр бие даан гаргасан шийдвэр байхаас гадна уг бодлого, төсөл хөтөлбөрийн талаарх “хангалттай” мэдээллийг “хангалттай” хугацааны өмнө, тухайн иргэдэд тохиромжтой арга хэлбэрээр авсны дараа гаргасан шийдвэр байх ёстой.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ (OPEX)
Тухайн төслийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдон гарах зардлыг ойлгоно. Тухайлбал, уул уурхайн юм уу цахилгаан станц барих, ашиглах төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад орсноос хойших үйл ажиллагааны зардлыг энд хамааруулан ойлгож болно.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НИЙГМИЙН ЗӨВШӨӨРӨЛ
Төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэдээс төслийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэх ойлголт.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ҮЙЛДВЭРЛЭЛ
“Газрын тосны зөвшөөрөгдсөн талбайгаас илэрсэн ашигт газрын тос ба байгалийн хийн нөөцийг олборлох үйл ажиллагаа буюу нүүрс-устөрөгчийг газрын гадарга дээр гарган ирж боловсруулах хүртэлх үйл явцыг ойлгоно. Гэхдээ газрын тостой холбоотой бусад бүх үйл ажиллагаа буюу төслийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн суурилуулалт, өргөтгөл, хэвийн үйл ажиллагааг хангах засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, борлуулалтыг үе шатнуудыг үүнд бүхэлд нь хамруулж ойлгодог. Зарим тохиолдолд хайгуулын болон бүтээн байгуулалтын үе шатыг ч хамруулж ойлгох нь бий.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Олборлох үйлдвэрлэлийн баримт бичгүүдийн заавар – Газрын тос байгалийн хий:
http://www.allenovery.com/SiteCollectionDocuments/geiprogram.pdf
ҮЙЛДВЭРЛЭЛ ӨССӨНӨӨС ЗАРДАЛ БУУРАХ
Төслийн цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн тодорхой зардлуудыг үйлдвэрлэлийн нэмэлт нэгж хэсгүүдэд хуваарилснаар нэгж бүтээгдэхүүний зардал буурахыг ойлгоно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ҮНДЭСНИЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ (ҮУУК)
Төрийн өмчит уул уурхайн компанийг зарим тохиолдолд үүнд хамааруулж ойлгодог.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ФОБ НӨХЦӨЛ (FOB)
Худалдагч нь худалдан авагчийн сонгосон хөлөг онгоц/тээврийн хэрэгсэл хүртэл хүргэх үүрэг хүлээдэг худалдааны нөхцөлийг ойлгоно. Энэ нь барааны тээвэрлэлтийн зардлыг худалдагч буюу ханган нийлүүлэгч хариуцан төлнө гэсэн үг юм.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХАЙГУУЛ
Ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгоно.
Эх сурвалж: Ашигт малтмалын тухай хууль, 2006 он
ХАМТАРСАН КОМПАНИ (JV) БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
Ашиг, алдагдал, хяналтыг хуваах замаар тодорхой төслийг хамтран хэрэгжүүлэх компаниудын хооронд хийгддэг гэрээ. Нэг компани дангаараа санхүүжүүлэхэд хэтэрхий том төсөлд энэ нь нийтлэг тохиолддог асуудал. Төрийн болон хувийн хэвшлийн компанийн аль аль нь хамтарсан компанийн түншээр орж болно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХАРЬЯАЛАХ УЛС
Хөрөнгө оруулагчийн харьяалах улс.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХАЯГДАЛ ХҮДЭР
Олборлолтын дараа үлдэх хүдрийн хаягдал.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХАЯГДАЛ ЧУЛУУЛАГ
Ашигт эрдсийг ялган авахын тулд хүдрээс салган авбал зохих хоосон чулуулаг.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХООСОН ЧУЛУУЛАГ (FLY ROCK)
Тэсэлгээний үр дүнд дэлбэрсэн, эвдэгдсэн чулуулгийг ойлгоно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ (CAPEX)
Ирээдүйд, тухайн санхүүгийн жилээс хойш үр ашиг авчрах зүйлд хөрөнгө оруулах буюу буюу барилга байшин, тоног төхөөрөмж зэрэг тодорхой хөрөнгийг худалдан авах, шинэчлэн сайжруулахад зарцуулж буй хөрөнгийг ойлгоно. Үүнтэй зэрэгцэн гарах үйл ажиллагааны зардал (OPEX) гэдэгт тухайн хөрөнгийг ашиглахад гарах зардлыг ойлгоно. Жишээ нь, хувилагч машин худалдан авах нь хөрөнгийн зардал болох бөгөөд үүнд хэрэглэгдэх цаас болон хор худалдан авах нь үйл ажиллагааны зардал болно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭР
Засгийн газар хоорондын гэрээ бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад бодит болон процедурын шинжтэй онцгой хамгаалалт бий болгох амлалтыг баталгаажуулах зорилгоор хийгддэг. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь хоёр болон олон талт гэрээ байж болох ба мөн хоёр болон олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэг хэсэг буюу хөрөнгө оруулалттай холбоотой хэсэг байж болно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХУРААН АВАХ
Нийгмийн зайлшгүй хэрэгцээ нэрийн дор хувийн өмчийг зөр засгийн байгууллагаас дайчлан буюу хураан авахыг ойлгоно.
ХҮДЭР БАЯЖУУЛАХ
Ашигт малтмалын хүдрийг боловсруулах замаар илүү өндөр өртөг бүхий бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх үйл явц юм. Хүдэр дэх ашигт эрдсийг хаягдал буюу хоосон чулуулгаас ялган боловсруулахад бутлах, нунтаглах, шигших, соронзон болон хөвүүлэн баяжуулах зэрэг олон шат дамжлага, арга технологийг ашигладаг.
ХҮЛЭЭН АВАГЧ УЛС
Хөрөнгө оруулалт хийгдсэн улс. Энэ ойлголт нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор гарч ирдэг ойлголт.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ (ХЭНҮ)
ХЭНҮ гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хангах хамгаалах талаарх төр засгийн үүрэг амлалт болон түүний бодит хэрэгжилтийн хоорондох зөрүүг үнэлэн тодорхойлох үйл явц юм. ХЭНҮ-ээр тухайн төсөлтэй холбоотой бүх талуудыг оролцуулах замаар зөрчигдөж буй болон цаашид зөрчигдөж болзошгүй эрх, ашиг сонирхлыг тодорхойлж, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлдог.
Эх сурвалж: www.resourcecontracts.org, Эрх ба Ардчилал: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх удирдамж
ШИЛЖИХ ҮНЭ
Хил дамжсан болон компанийн нэгжүүдийн хооронд хийгдэж буй шилжүүлгийн үнийг тооцох механизм юм. Тухайн улсад бүртгэлтэй төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн харьяалах олон улсын аль нэг компаниас бараа, ажил үйлчилгээтэй авах тохиолдолд хэрэглэгдэнэ. Гэхдээ шилжих үнэ хэрэглэхийг бүхэлд нь хууль бус гэж үздэггүй боловч хамаарал бүхий компаниудын хооронд хийгдэж байгаа бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ хэлцлийн үнэ нь шударга бус (зах зээлийн үнэ бус) бөгөөд тухайн улсад төлөх татварын хэмжээг бууруулах арга заль хэрэглэж байгаа тохиолдолд хууль бус гэж үздэг.
ЭЛЭГДЭЛ
Ашиглалтын хугацаа, элэгдэл хорогдол, зах зээлийн нөхцөлөөс шалтгаалсан үнэ цэнийн бууралт, алдагдлыг ойлгоно. Нягтлан бодох бүртгэлд үүнийг дараах 2 байдлаар авч үздэг: (a) хөрөнгийн үнэ цэнэ буурах, (б) хөрөнгийн зардлыг ашиглалтын хугацаанд хуваан тооцох. Энэ нь орлогын татвараас хасагдах зардал бөгөөд татвар төлөгчдөд тодорхой хөрөнгийн зардал болон бусад алдагдлаа нөхөх боломжийг олгодог.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага
ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ДААТГАЛ (HEDGING)
Дагалдах хөрөнгө оруулалтаас үүдэн гарч болох ашиг, алдагдлыг нөхөх зорилгоор хөрөнгө оруулалт салаалах/салбарлах. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хувь хүн, аж ахуйн нэгжид учирч болох болзошгүй ашиг, алдагдлын эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл гэж ойлгож болно.
Эх сурвалж: Уул уурхайн гэрээг хэрхэн уншиж ойлгох вэ? гарын авлага